Реженси эриний Лондон хотын бүжгийн танхим, зочны өрөөнд хатуу дэг жаяг ноёрхоно. Сурвалжит угсаатай айлын хүүхдүүд тун багаасаа гүн цолтныг хүндэтгэх, ханхүүгийн өмнө ёслох арга барилд суралцдаг юм. Дээдсийн хүрээний, цаасан дээр бичигдээгүй хуулийг бүгд үг дуугүй дагаж мөрдөнө. Жинхэнэ ван хүн түрэмгий бөгөөд хахир зантай байх учиртай. Харин гэрлэх насанд хүрсэн бүсгүй эелдэг байвал зохистой. Гэхдээ хэтэрхий эелдэг байж болохгүй.
Дафни Бриджертон сүүлийн дүрмийг огтхон ч мөрдөж чаддаггүй байв. Атгасан гар мэт дотно гэр бүлийн найман хүүхдийн дөрөв дэх болон мэндэлсэн тэрбээр Лондоны хамаг л хүсэмжит гоонь эрстэй нөхөрлөж чадсан нэгэн. Дафнигийн нинжин сэтгэл, хурц ухааныг хүн бүр магтах авч түүнд зүрх сэтгэлээ зориулах хүн гарч ирэхгүй л байлаа. Дэндүү шударга зантай Дафни залуу эрсийн сэтгэлийг булаах хайрын тоглоомыг тоглож чадахгүй байсан юм.
Харин Хастингсын ван Саймон Бассет бол Дафнигаас тэс өөр. Харийн нутгаар аялж явсаар Англид хөл тавиад удаагүй тэрээр хүүхэд насанд нь түүнээс аав нь зайлсхийж байсан шиг гэрлэлт, нийгмийн харилцаанаас хол байх зорилготой байв. Дотнын андынхаа охин дүүтэй танилцсанаар зорилгоо хялбар биелүүлэх боломж гарч иржээ. Хэрэв Дафни түүнтэй хуурамчаар үерхэж буй дүр эсгэхийг зөвшөөрвөл охиноо танилцуулах гэсэн ээжүүд Саймоныг мөрөөр нь орхих болно. Харин Дафнигийн хувьд нэр хүнд нь өсөж, сайн ханьтай болох магадлал нь нэмэгдэнэ.
Тэдний төлөвлөгөө эхэн үедээ тун амжилттай хэрэгжиж байв. Гэвч Лондоны дээдсийн, гялалзсан, хов живээр дүүрсэн, харгис ертөнцөд ганцхан үнэн бий: Хайр дурлал ямар ч дэг жаягт баригддаггүй юм.