Ажилтай, хичээлтэй Улаанбаатарын завгүй амьдралд минь аз жаргалтайгаар мэдлэг, тайтгарал, олон шинэлэг дадал чадварыг суулгасан “Аз жаргалын скандинав хөтөч” номоо та нартаа хуваалцъя.
Өнгөлөг хатуу хавтастай жижигхэн ном нь өөр өөр өнгийн хуудсандаа улс орны өөр өөр агуулга багтааснаараа уншихад хүндрэлгүй ойлгоход хялбар долоон бүлэг агуулсан байлаа.
Нэгдүгээр бүлэг: Лагом (Швед)
Лагом гэдэг нэр томьёо нь яг тохирсон хэмжээ буюу зохист харьцааны тухай ойлголт юм. Шведийн амьдралын бүх талбарт тэнцвэртэй байдал, зохист харьцааг чухалчилдаг. Скандинавчууд тогтвортой амьдралын хэв маягийг баримталж, ажил амьдралын тэнцвэрт байдлыг зохицуулж, тэгш байдал, нийгмийн сайн сайхан байдлыг дэмжсэн эв нэгдэлтэй аз жаргалтай нийгмийг бүтээдэг байна. Энэ бүлэгт танд заримдаа бүтэн өдрөөр амрах талаар зөвлөгөө, зөв хооллолт, ажил болон гэртээ тухтай орчныг бүрдүүлэх, бясалгал, амралт зэрэг олон сонирхолтой дадал санал болгоно.
Хоёрдугаар бүлэг: Фрилустлив (Норвег)
Байгаль, эх дэлхийтэй ойр байх гэсэн агуулгатай. Энэ нь гадаа цагийг өнгөрөөх, явган аялал хийх, хүрээлэн буй байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх зэрэг үйлдлийг хэлж буй. Тэгвэл байгальд ойр байхын тулд тайван байдал, анхаарал халамж, хүрээлэн буй орчин, цаг хугацаа зэрэг асуудлыг хэрхэн шийдэх талаар танд зөвлөнө. Бүр зөв амьсгалын дасгал ч багтана. Нийт 7 бүлгээс надад хамгийн таалагдсан бүлэг бол Фрилустлив.
Орчин үеийн хот суурин газарт амьдран буй бид ихэнхдээ тайван бус байж, байгалийн
хүйн холбоогоо алдаж байдаг. Сая сая жилийн хувьслын явцад хүн, байгаль дэлхийтэйгээ сүлэлдэн амьдарч байсан бол өнөөдөр өөрсдийгөө бетон барилга дотор, хиймэл гэрэл сүүдэрт түгжжээ.
Харамсалтай нь энэ байдал олон судалгаагаар эрүүл мэнд, оюун санаанд хортой гэдэг нь батлагдсаар байна.
Байгаль бол үнэгүй сэтгэл зүйч, үнэгүй тав тух, үнэгүй гайхамшиг шүү дээ.
Байгальд тогтмол гарж, гадаа зугаалах нь эрүүл, тэнцвэртэй амьдралын хэв маягийг хадгалахад зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна.
Гуравдугаар бүлэг: Фика (Швед)
Фика бол цайны завсарлага гэсэн утгатай юм. Ажлын хажуугаар бяцхан завсарлага авах нь эрч хүч нэмдэг байна.
Шинэ жор, шинэ амт эрэлхийлэгч бол энэ бүлэг танд тун таатай санагдах болно. Учир нь Швед цөцгийн тостой жигнэмэг, шоколадтай жигнэмэг зэрэг маш сонирхолтой амттаны жор ч багтаажээ. Сүүлдээ би ямар төрлийн ном уншиж байгаа билээ ч гэж бодох шиг. Бүгдийг нь туршиж амтална гэхээр догдолж байна шүү.
Бэрхшээлд сөхрөлгүй, зоригтой, тэвчээртэй шийдэмгий байх Финланд ухаан, алдарт Хюга зэргээр эл ном цааш үргэлжилнэ. Скандинавын орнуудын философийн талаар суралцах нь үнэхээр сонирхолтой байлаа.
Амьдралын тухай хэд хэдэн Нордикийн философи, тэдгээрийг өөрийн ертөнцөд хэрхэн тусгах талаар хөтөч болсон энгийн атал их зүйлийг сургаж зааж чадсан бяцхан номоо уншиж дууслаа.
Эл ном танд дарамт шахалттай дадал философи биш буйдан дээрээ тухлаад ном уншингаа уух дуртай зүйлээ барин суух тухай, өвлийн шуурганаар халуун хөнжилдөө дулаахан байх тухай, хайртай хүмүүстээ цаг гаргах тухай, өөрийгөө ажлаас чөлөөлөх, амьдралаа илүү амар тайван аз жаргалтай байлгах тухай мэдлэгийг олгох юм.
Ганц л уншаад номын тавиур дээр мөнхрөх ном лав биш. Үргэлж дэргэд минь байж аз жаргалыг амархан бий болгож, амьдралыг минь амттай энгийн тайван байлгахад хуудас бүрээрээ сануулах хөтөч ном боллоо.
Тэмдэглэл бичсэн: Д.Отгонзул (@ozunenn)